Нүүр

2017 оны Улсын аваргууд тодорлоо

Баянхонгор аймгийн Засаг даргын ивээл дор зохиогдсон 100 буудалт даамын Улсын аварга шалгаруулах  шигшээ тэмцээн 5 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд Баянхонгор хотод амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд өнгөрсөн жилийн болон урдчилсан шатны тэмцээнээс шалгарсан Монгол улсын шилдэг эрэгтэй эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар хурц ширүүн өрсөлдлөө.

Нийт 13 тойрог тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс олон улсын их мастер Г.Ганжаргал 21 оноогоор, эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа 18 оноогоор тэргүүлж, “2017 оны Улсын аварга” болцгоолоо. Г.Ганжаргал 13 тоглохдоо 8 хожиж, 5 удаа тэнцсэн бол Е.Ариунзаяа 8 хожиж, 2 тэнцэн, 3 удаа хожигдсон нь ялангуяа эмэгтэйчүүдийн тэмцээний өрсөлдөөн маш ширүүн байсныг харуулж байна.

Медальт байранд эрэгтэйчүүдээс тус бүр 20 оноотой дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг нар, эмэгтэйчүүдээс дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл,  олон улсын мастер М.Одгэрэл нар тус бүр 17 оноотой мөгө, хүрэл медалийн эздээр шалгарсан байна. Энэ жилийн тэмцээнд манай өсвөрийн тамирчид туршлагатай мастеруудтай эн тэнцүү өрсөлдснөөс 14 настай Б.Мишээл мөнгөн медаль, 16 настай Б.Отгон-Эрдэнэ, Г.Хэрлэнмөрөн нар 4, 5 дугаар байрт шалгарсныг дурдах нь зүйтэй. Эмэгтэй 2-5 дугаар байрын тамирчид ижил 17 оноотой гарсан ч цэвэр хожлын тоо болон хоорондын тоглолтын үзүүлэлтээр тус тус байр эзлүүлсэн байна.

ОУИМ Ганбаатарын ГАНЖАРГАЛ 

Спортын мастер Ерөөлжавын АРИУНЗАЯА

Олон улсын их мастер Г.Ганжаргал анх 1993 онд УАШТ-д түрүүлж байсан бол энэ жил түүний 7 дахь түрүү болсон юм. Харин Е.Ариунзаяа 2006 оны алтан медалиа ихэрлүүлж, улсын хошой аварга цолтон боллоо.

Тэмцээнийг Баянхонгор аймгийн ЗДТГ, нийгмийн бодлогын газар, болосрол, соёлын газар, биеийн тамир, спортын газар, Монголын даамын холбоо, Баянхонгор аймгийн даамын холбоо хамтран өндөр хэмцээнд зохион байгууллаа. Тус тэмцээн нь даамын спортыг орон нутагт хөгжүүлэх, сурталчлах, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд түүхэн алхам болсон юм.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнтэй ВЭБСАЙТААС