July 2017

Дэлхийн цомын тэмцээн маргааш өндөрлөнө

a-g

Энэ сарын 21-ний өдөр эхэлсэн 100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын тэмцээний сүүлийн тойргийн тоглолт маргааш явагдаж, ялагчдаа тодруулна. Дэлхийн өндөр зэрэглэлийн даамчид оролцож буй энэхүү тэмцээний 8 дугаар тойргийн дараахь байдлаар олон улсын их мастер, ОХУ-ын тамирчин А.Шайбаков, дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, их мастер И.Трофимов нар 12 оноотой тэргүүлж, түүний араас 11 оноотой 8 тамирчин удаалж байна.

Монголын тамирчдаас олон улсын их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, их мастер Д.Эрдэнэбилэг нар хамгийн өндөр 11 оноотой, 9-11 дүгээр байруудад бичигдэж байна. Маргаашийн шийдвэрлэх тоглолтонд Г.Ганжаргал дэлхийн 9 удаагийн аварга А.Георгиев, Б.Мөнхжин их мастер А.Гетманский, Д.Эрдэнэбилэг эмэгтэй их мастер М.Ноговицына нартай тус тус оноолт таарчээ.

Эмэгтэйчүүдийг ОХУ-ын их мастер М.Ноговицына, А.Идрисова нар 10 оноотой тэргүүлж, Монгол улсын спортын мастер, 2017 оны улсын аварга Е.Ариунзаяа гуравдугаар байранд өрсөлдөж байна. Хэрэв Е.Ариунзаяа 3 дугаар байрт шалгарч чадвал “Дэлхийн цом”-ын нэгдсэн жагсаалтад 11 дүгээр байрт шалгарах юм.

Манай тамирчид энэ удаа дэлхийн шилдгүүдтэй маш сайн өрсөлдөж байна. Ялангуяа дэлхийн даамын холбооны мастер Ч.Хашчулуун, дэлхийн 9 удаагийн аварга, одоогоор дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцнсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолж байна.

Тэмцээний хаалтын ажиллагаа 7 дугаар сарын 27-ны 16 цагт МУБИС-ийн төв байранд болох бөгөөд дараа нь эх орны “Цагаан доктор” бүтээгдэхүүний нэрэмжит 1000 еврогийн шагналын сантай Блицын тэмцээн болсноор тэмцээний үйл ажиллагаа өндөрлөнө. 7 дугаар сарын 28-ны Баасан гаригт дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижовтой хийх зэрэг тоглолт зохиогдоно.


Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг http://worldcup2017.mondaam.mn/ сайтаас авна уу.