ДААМЧИД ЭСТОНИ, ПОЛЬШ РУУ

21432811_1505564759524311_3087811518707317114_n100 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1-16-нд Эстони улсын нийслэл Таллин хотноо болох билээ. Тус тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн таван удаагийн аварга OУИМ Дөлийн Эрдэнэбилэг, хошой аварга ОУИМ Мөнхбаатарын Нямжаргал, 2016 оны Азийн аварга ОУИМ Равжирын Манлай, тивийн аваргын хошой мөнгөн медальт ОУМ Моломжамцын Одгэрэл, хүрэл медальт ДДХМ Ганболдын Гэрэлболд нарын тамирчид оролцоно. Мөн энэ үеэр болох Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны Ерөнхий ассемблейд Азийн даамын холбооны ерөнхийлөгч, Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Бат-Эрдэнэ оролцох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 84 даамчин гурван хэсэгт хуваагдан, швейцарь системээр есөн өрөг тоглох ба хэсэг тус бүрээс шалгарсан дөрөв, нийт 12 тоглогч шигшээд өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 16 тамирчин тойргийн журмаар тоглох юм. ДАШТ-ий нийт шагналын сан 40 мянган евро аж.

Мөн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд Польш улсын Дабки хотод болох
өсвөр, залуучуудын ДАШТ-д 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар бэлтгэлээ базааж байна.