ЕБС-ийн "Улсын аварга баг" тодров

2017 оны Ерөнхий боловсролын сургуулиудын "Улсын аварга"-аар Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургуулийн баг тодорлоо. Мөнгө, хүрэл медалийг Сонгинохайрхан дүүргийн 42-р дунд сургууль, Дорноговь аймгийн 1-р дунд сургуулийн багууд хүртсэн байна.

Мөн блиц төрлийн "Улсын аварга баг" шалгаруулах тэмцээнд 10 баг тойргоор өрсөлдснөөс тэргүүн байрын төлөө маш хүчтэй өрсөлдөөн явагдлаа. Эхний 3 байрын багууд өөр хоорондоо тэнцэж, мөн нийт оноо нь тэнцснээс нэмэлт үзүүлэлтээр Сонгинохайрхан дүүргийн 42-р дунд сургуулийн баг "Улсын аварга"-аар шалгарлаа. Мөнгө, хүрэл медалийг Дорноговь аймгийн 1-р дунд сургууль, "Шавь" цогцолбор сургуулийн багууд хүртжээ.

Үндсэн тэмцээний дэлгэрэнгүй дүн
Блиц тэмцээний дэлгэрэнгүй дүн

Үндсэн тэмцээний дүн

ЕБС-ийн "Улсын аварга баг" тодорно

21931376_1912378839084837_209187848_o

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р дунд сургуулийн байранд ЕБС-ийн "Улсын аварга баг" шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд Архангай, Дорноговь, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 12 сургуулийн баг өрсөлдөж байна. Нэг багт 8 сурагч, нийт 96 хүүхэд тус тэмцээнд оролцож байна.

Багууд швейцарь системээр 7 өрөг тоглож дүнг гаргах ба хоёр тойргийн дараахь байдлаар Дорноговь аймгийн 1-р сургууль, Шавь цогцолбор сургууль, 42-р дунд сургуулийн багууд 4 оноотой тэмцээнийг тэргүүлж эхэллээ.


Тэмцээний дэлгэрэнгүй дүн
Зургийн цомог

ДААМЧИД ЭСТОНИ, ПОЛЬШ РУУ

21432811_1505564759524311_3087811518707317114_n100 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1-16-нд Эстони улсын нийслэл Таллин хотноо болох билээ. Тус тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн таван удаагийн аварга OУИМ Дөлийн Эрдэнэбилэг, хошой аварга ОУИМ Мөнхбаатарын Нямжаргал, 2016 оны Азийн аварга ОУИМ Равжирын Манлай, тивийн аваргын хошой мөнгөн медальт ОУМ Моломжамцын Одгэрэл, хүрэл медальт ДДХМ Ганболдын Гэрэлболд нарын тамирчид оролцоно. Мөн энэ үеэр болох Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны Ерөнхий ассемблейд Азийн даамын холбооны ерөнхийлөгч, Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Бат-Эрдэнэ оролцох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 84 даамчин гурван хэсэгт хуваагдан, швейцарь системээр есөн өрөг тоглох ба хэсэг тус бүрээс шалгарсан дөрөв, нийт 12 тоглогч шигшээд өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 16 тамирчин тойргийн журмаар тоглох юм. ДАШТ-ий нийт шагналын сан 40 мянган евро аж.

Мөн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд Польш улсын Дабки хотод болох
өсвөр, залуучуудын ДАШТ-д 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар бэлтгэлээ базааж байна.

Холбооны цомын тэмцээн 11-р сард зохиогдоно

Ирэх 10-р сарын эхнээс дунд хүртэл Эстони улсын Таллинн хотод насанд хүрэгчдийн, 10-р сарын сүүлчээс 11-р сарын эхэнд залуучууд, өсвөр үеийн ДАШТ Польш улсын Дабки хотноо зохиогдох гэж байна. Насанд хүрэгчдийн ДАШТ-д 6, өсвөр-залуучуудын ДАШТ-д 40 хүн явахаар бэлтгэлээ хангаж байна.

Иймд зун 7-р сард цөөн тоглогч бүртгүүлсний улмаас хойшилсон "Холбооны цом-2017" тэмцээнийг 11-р сарын 15-19ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Анхаарах асуудлууд:
- Зун бүртгүүлсэн тоглогчдын бүртгэл хүчинтэй
- 11-р сарын 2-нийг хүртэл бүртгэл нээлттэй, өнөөдрөөс эхлэн хэдийд ч бүртгүүлж болно
- Бүртгүүлсэн тамирчдын тооноос хамаарч тэмцээний байрыг олж сонгох учир болох газрыг 11-р сарын 10-ны өдөр зарлана
- Тэмцээний вэбсайт (www.mondaam.mn/2017/tsom) болон ФБ хуудсаар мэдээллийг хүргүүлж байх болно

Удирдамжтай танилцана уу

Дэлхийн цомын тэмцээн маргааш өндөрлөнө

a-g

Энэ сарын 21-ний өдөр эхэлсэн 100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын тэмцээний сүүлийн тойргийн тоглолт маргааш явагдаж, ялагчдаа тодруулна. Дэлхийн өндөр зэрэглэлийн даамчид оролцож буй энэхүү тэмцээний 8 дугаар тойргийн дараахь байдлаар олон улсын их мастер, ОХУ-ын тамирчин А.Шайбаков, дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, их мастер И.Трофимов нар 12 оноотой тэргүүлж, түүний араас 11 оноотой 8 тамирчин удаалж байна.

Монголын тамирчдаас олон улсын их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, их мастер Д.Эрдэнэбилэг нар хамгийн өндөр 11 оноотой, 9-11 дүгээр байруудад бичигдэж байна. Маргаашийн шийдвэрлэх тоглолтонд Г.Ганжаргал дэлхийн 9 удаагийн аварга А.Георгиев, Б.Мөнхжин их мастер А.Гетманский, Д.Эрдэнэбилэг эмэгтэй их мастер М.Ноговицына нартай тус тус оноолт таарчээ.

Эмэгтэйчүүдийг ОХУ-ын их мастер М.Ноговицына, А.Идрисова нар 10 оноотой тэргүүлж, Монгол улсын спортын мастер, 2017 оны улсын аварга Е.Ариунзаяа гуравдугаар байранд өрсөлдөж байна. Хэрэв Е.Ариунзаяа 3 дугаар байрт шалгарч чадвал “Дэлхийн цом”-ын нэгдсэн жагсаалтад 11 дүгээр байрт шалгарах юм.

Манай тамирчид энэ удаа дэлхийн шилдгүүдтэй маш сайн өрсөлдөж байна. Ялангуяа дэлхийн даамын холбооны мастер Ч.Хашчулуун, дэлхийн 9 удаагийн аварга, одоогоор дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцнсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолж байна.

Тэмцээний хаалтын ажиллагаа 7 дугаар сарын 27-ны 16 цагт МУБИС-ийн төв байранд болох бөгөөд дараа нь эх орны “Цагаан доктор” бүтээгдэхүүний нэрэмжит 1000 еврогийн шагналын сантай Блицын тэмцээн болсноор тэмцээний үйл ажиллагаа өндөрлөнө. 7 дугаар сарын 28-ны Баасан гаригт дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижовтой хийх зэрэг тоглолт зохиогдоно.


Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг http://worldcup2017.mondaam.mn/ сайтаас авна уу.